Миний нэрийг Ананд гэдэг. Би хувиараа бизнес эрхлэгч. Улаанбаатар хотод төрж өссөн ч зун хөдөө эмээ дээрээ очиж, мал дагаж, өвөл нь хотод сургуульдаа суудаг байсан. Намайг мэргэжлээ сонгох үед уул уурхай, санхүүгийн мэргэжлүүд илүү тренд болж байсан. Санхүүгийн мэргэжлийг сонгосон минь математик суурьтай минь холбоотой, бас эмээ маань худалдааны салбарт ажилладаг байсны нөлөө ч байсан.
Төгсөөд янз бүрийн салбарт ажилласан. Хүмүүсийн сайн мэдэхээр “Аравт” киноны санхүүг хариуцан ажиллахдаа киноны ажил нэлээд хүнд ажил байдаг юм байна гэж ойлгож байсан. Тэрнээс хойш санхүү, худалдаа, олон улсын аутсорсингийн компанид ажилласан.
Ер нь би баригдмал сэтгэлгээтэй байх дургүй хүн юм шиг байгаа юм. Аливаа зүйлийг сонирхоод, өөрөө туршиж үзэх дуртай. Тиймдээ ч боломж гарахаар хувиараа бизнес хийж эхэлнэ дээ гэж зорьж байсан. Анх ресторанаас эхлээд онлайн шоп, ногоо тарих хүртэл бүгдийг л хийж үзсэн. Шинэ санаа харангуутаа “Монголд яаж хэрэгжүүлж болох вэ?” гэж боддог нь миний зан.
Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бизнесээ өөрөө удирдаж, хийж бүтээж явахдаа нэг зүйлийг ойлгосон. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том бэрхшээл бол бүгдийг ганцаараа хийх гэж оролддог явдал юм билээ. Би ч бас тэдний нэг байсан. Бүхнийг өөрийн гараар хийх нь эрх чөлөө мэт санагддаг ч үнэндээ цаг хугацаа, эрч хүч, бүтээлч байдал бүхнээ шатааж байдаг.
Ингээд л судалж, эрж хайж яваад ойлгосон энэ бүхний шийдэл нь технологи юм байна. Харин яг ямар технологи вэ? гэхээр UX/UI дизайн. Эхэндээ энэ мэргэжлийг зүгээр л зураг зурдаг ажил гэж бодож байлаа.
Гэтэл яг үнэндээ UX/UI Designer гэдэг нь тухайн бизнесийг бүрэн ойлгож, тэр ойлголтоо шийдэл болгон загварчилж, бодит амьдрал дээр туршиж, үр дүнг хараад, хэрэггүй бол сайжруулаад, эцсийг нь хүртэл зөв ажиллуулах процессыг удирддаг чухал мэргэжил байсан.
Энэ бүх ажил дунд бизнесийн процесс нь явж байдаг болохоор UX/UI дизайнаар дамжсан бүтээгдэхүүн илүү амжилттай байх магадлалтай юм билээ. Эдийн засгийн хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр маш ихийг хэмнэдэг. Ийм мэргэжил байгааг мэдсэн тэр мөчид л "энэ л миний зам байна" гэж бодсон. Тэгээд нэлээд удаан хугацаанд судалж, ойлгож, шийдвэрээ гаргасан даа.
Pinecone-г сонгохоос өмнө олон газартай уулзаж үзсэн ч багштай уулзсан уулзалт шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн. Академид дөрвөн бодит төсөл дээр ажиллаж, багтайгаа хамт амьдралд хэрэгжих шийдлүүдийг бүтээсэн нь онцгой туршлага байсан шүү. Төслүүд маань нэг нэгээрээ амь орж, технологийн түвшинд гарч бодитоор хөгжиж байгааг харах нь жинхэнэ урам зориг өгдөг юм байна лээ.
Би нэг л өдөр энэ чиглэлээр компаниа байгуулна даа гэж боддог байсан ч, үнэндээ бусадтай нийлж компани байгуулна гэж төсөөлж байгаагүй.
Pinecone-д төсөл бүр дээр багаар ажиллаж, гар нийлэх хүмүүстэйгээ танилцаж, нэг зүйлийг харж, шийдэхийг хүсдэг гэдгээ олж мэдээд “byDesign” агентлагаа хамтарч байгуулах үндэс болсон.
Багийн хамгийн том давуу тал бол цаг хугацаа, хүч хөдөлмөр маш их хэмнэдэг. Анзаараад байхад, ганцаараа бүх шийдвэрийг гаргах гэж оролдох нь үнэхээр төвөгтэй, удаан. Харин багаар ажиллана гэдэг бол илүү ухаалаг, хурдтай зам юм байна лээ.
byDesign бол бизнес туршлагатай, UX/UI төвтэй дизайн агентлаг. Бид зүгээр нэг веб, апп дизайн хийгээд өнгөрөлгүй тухайн бизнесийн асуудлыг олж хараад, хэрхэн шийдвэрлэх талаар загварчилж, судалгаа хийдэг. Бизнесийн дижитал шийдлүүдийг, илүү үр дүнтэй процессыг бий болгоход чиглэдэг. Компани маань энэ оны 1-р сард үүсгэн байгуулагдсан. Академиа төгсөөд шууд ажилдаа орцгоосон.
Одоо бид хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа. Нэгийг нь амжилттай дуусгасан, нөгөөг нь удахгүй гаргана. Зарим нь урт хугацааных. Академийн дотоод систем, менежментийн арга барилаас ихийг сурсан маань одоо компанид маань үр дүнтэй хэрэгжиж байгаа. Старт-ап компанид саад бэрхшээл гардаг, тэр дундаа санхүү, хөрөнгө оруулалтын асуудыг бид бусадтай л адил туулж байгаа.
Урт хугацаандаа бидний зорилго бол Монголын UX/UI салбарыг олон нийтэд ойлгуулж, комьюнити нэгдэл бий болгож, тэр нэгдлээрээ дэлхийд гарах. Энэ бол зүгээр нэг зураг зурдаг мэргэжил биш. Бизнесийн санааг бодит шийдэл болгох процессын чухал гүүр юм шүү дээ.
Хэрвээ чи технологийн салбар сонирхож байгаа бол эхлээд өөрөөсөө асуу: “Би яг юунд дуртай вэ?” Зураг зурах уу, систем хөгжүүлэх үү, эсвэл бизнесийн загвар гаргах уу? тэгж байж чи өөрийн замаа олно. Учир нь эцсийн дүнд сонирхол чинь л ирээдүйн ажлыг чинь тодорхойлно доо.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


