Намайг Мөнх-Учрал гэдэг. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. Бага байхдаа маш чимээгүй, даруухан хүүхэд байсан. Одоо ч гэсэн тийм. Хүсэл мөрөөдөл гэх юм бол багаасаа л бүтээлч салбарыг сонирхдог байсан.
Хувцас дизайнер, архитектор, эсвэл зураач болно гэж боддог байсан ч 10 жилээ төгсөөд ОХУ-д Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр 5 жил гаруй суралцсан.
Энэ мэргэжлийг гэр бүлийнхэн маань сонгож өгч байсан. Тухайн үед би өөр мэргэжил сонирхож байсан ч аав, ээжийнхээ зөвлөгөөг даган Москва хотын Улс Түмний Найрамдалын Их Сургуульд тэтгэлэгтэй суралцсан.
Миний их сургуулийн амьдрал одоо бодох нь ээ оюутны байр, сургууль гэсээр л өнгөрсөн байна. Тэтгэлэгтэй суралцаж байсан учраас хичээлдээ муу дүн авах эсвэл шалгалтаа хангалтгүй хийвэл шууд хасагдах журамтай учраас аав ээжийгээ бодоод л хичээсээр төгссөн дөө.
Их сургуулийн 3-р курстээ хаанаас ч юм UX/UI дизайнер мэргэжлийн талаар анх сонсож байсан. Тухайн үед Pinecone Academy-ийн тухай Facebook-с олж мэдсэн. Монголд ирсний дараа ганцаарчилсан уулзалт, өдөрлөгт нь очиж, туршилтын ангид сууж үзэхээр болсон.
Туршилтын ангид суусны дараа энэ мэргэжилд бүрэн дурлаж, багш нараасаа мэдэхгүй зүйлээ уйгагүй асууж, хичээж байсан. Үндсэн ангид орох талаар гэрийнхэнтэйгээ ярилцахад бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарсан ч зөвшөөрүүлж чадсан.
Pinecone-д үздэг хичээлүүд маш сонирхолтой. Тайванаа багш, Ихээ багш 2 маш хөгжилтэй, ойлгомжтой заадаг. Багш нар маань сурагч нэг бүртэй тулж ажилладаг сэтгэлтэй хүмүүс байсан болохоор мэргэжилдээ дурлахад маш их нөлөөлсөн.
Soft skill-ийн хувьд би хүнд санал хэлэхдээ ууртай мэт өнгө аясаар ярьдаг байснаа өөрчилж, зөөлөн, ухаалгаар харьцах арга барилд суралцсан нь одоо ч ажиллахад хэрэг болж байна. Багийн ажилд зөрчилдөөн үүсдэг ч, түүнийг яаж зохицуулах ур чадвар хэрэгтэйг хамгийн ихээр ойлгосон доо.
Мэдээж Demo Day-ийн өмнөх өдөр шөнөжин суухад шантрах үе байлгүй л яахав. Тэр үедээ өөрийгөө зоригжуулан, гүрийгээд л төслөө дуусгадаг байсан.
Би төгсөөд 2 сарын дараа ажилд орсон. Pinecone-с санал болгосон газар 1 сар дадлага хийсэн ч тухайн газар үндсэн ажилтан авахгүй гэдгийг сонсоод, өөрөө ажлын зар хайж эхэлсэн.
Эхэндээ том компаниудад анкетаа явуулж, ярилцлагад орсон ч маш олон өрсөлдөгчтэй байсан тул тэнцээгүй. Тэгээд эцэст нь одоогийн ажилдаа ороод, одоо нэг жил ажиллачихсан байна.
Манай компани Minu хэмээх төслөөр ААН-үүдэд зориулсан POS систем хөгжүүлдэг. Саяхан Киргиз-д зориулсан аппын UI дизайныг гаргаж, амжилттай нэвтрүүлсэн. Саяхан компанийнхаа Landing page-г хийж дуусгасан.
Анх ажилд ороход шууд цаг хугацаатай таскуудыг хариуцах ёстой болсон учраас удирдлагатайгаа санаагаа хуваалцаж, цаасан дээр зурсан санаагаа компьютер дээр үзүүлэх гэх мэт шаардлагууд гарч, маш их хичээсэн дээ.
Харин одоо өмнө жилийн хийсэн дизайнтайгаа одоогийнхыгоо харьцуулахад хөгжсөөр байгаагаа мэдэрдэг. Ирээдүйд UX/UI Designer мэргэжлийнхээ үнэ цэнийг хүмүүст ойлгуулж, ямар чухал болохыг таниулан 5 жилийн дараа ахисан түвшний дизайнер болох зорилготой.
Одоо сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд ойлгохгүй зүйлээ багш нараасаа сайн асуугаарай. Шантрах үе ирвэл тухайн үеийн асуудал гэж үзээд, өөртөө итгэлтэй байгаарай. Итгэлтэй байдал бол хамгийн чухал зүйл шүү!
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


