Би багаасаа математик, физиктээ дуртай байсан болохоор “Software инженер болно доо” гэж боддог байсан. Тэгээд 10-р ангиа төгсөөд Улаанбаатарт шилжин ирж, хичээлийнхээ хажуугаар программ хангамжийн сургалтад суудаг байсан ч надад төдийлөн сонирхолтой санагдаагүй учраас сонирхол минь бага багаар өөрчлөгдөж эхэлсэн.
11-р ангид ороод би анх удаа UX/UI дизайн гэж юу болох талаар сонсож байсан. Энэ мэргэжлийн талаар судалж эхлэхэд бүтээлч байдал, хэрэглэгчийн сэтгэл зүй, асуудал шийдэх чадвар зэрэг олон чадварыг нэгтгэсэн сонирхолтой салбар юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л энэ чиглэлээр Монголд хамгийн сайн сургалт хаана байдаг вэ? гэж хайж явсаар Pinecone Academy-г олж мэдсэн дээ.
12-р ангидаа би “Монголд сурах уу, гадагшаа явах уу?” гэдэг том шийдвэрийн өмнө ирсэн ч өөрийнхөө сонирхлыг дагахаар шийдээд 4-р сард нь Pinecone-д элссэн. Сургалт эхлэхээс өмнө би гэрийнхнийхээ чихийг шийдвэртээ дасгаад, яриад л яваад байсан. Тэгээд 2024 оны 3 сард Pinecone дээр эвент болоход ээжийгээ дагуулаад багш нартай нь уулзуулж, зөвлөгөө аваад шийдвэрээ гаргаж байсан.
Сургалтын эхний өдөр UX Challenge нэртэй анхны сорил дээр бидэнд Apple Music-ийн хэд хэдэн дэлгэцийг дуурайлган хийх даалгавар өгч байсан юм. Тэр нь надад маш их таалагдаад би цаашдаа энэ чиглэлээрээ ажиллах юм байна гэдэг томоохон итгэл үнэмшилтэй болсон. 10 жилдээ би зургийн хичээлдээ онцгой сайн байгаагүй, бүр өөрийгөө дизайны мэдрэмжгүй гэж боддог байсан. Гэтэл UX/UI дизайнер болоход зурж чаддаг байх тийм ч чухал биш юм байна лээ.
Хичээлийн эхний өдөр бүгд өөрсдийгөө танилцуулахад хамгийн жаахан нь би байсан. Надаас дээш 30 гарсан ах эгч нар, оюутнууд гээд олон төрлийн хүн байсан нь надад маш сонирхолтой байсан. Ихэнх нь их сургуулиасаа эсвэл мэргэжлээ солих гээд ороод ирсэн хүмүүс байсан учраас тэд нараасаа сурах зүйл маш их байсан шүү.
Суралцаж байх хугацаанд хийсэн эхний төсөл маань эвэнтийн вэбсайт байсан. Одоо харахаар жоохон дутуу дулимаг санагддаг ч тухайн үедээ гоё л санагдаж байсан. 2-р блок дээр Geely Mongolia-гийн responsive вэбсайтыг хийсэн. Харин 3-р төсөл маань E-Contract гэх цахим гэрээтэй холбоотой хэцүү ч гэлээ ихийг сурсан төсөл байсан. Хийсэн төслүүдээс маань хамгийн сонирхолтой нь өөрийнхөө портфолио вэбсайтыг Framer дээр угсарч, бүтээсэн 4-р төсөл маань байсан.
Сурч байх хугацаанд шантрах бодол бараг төрөөгүй. Хичээлийн явцад угаасаа “Би чадчих юм байна шүү” гэж бодсоор байсан. Харин өглөө сэрэхэд л жаахан асуудалтай байсныг багш нар маань шантарч байна гэж андуурсан байж магадгүй. Гэхдээ ажилд орсноос хойш цаг баримтлах маань сайжирч байгаа шүү.
Хичээлийн сүүлийн блок дуусахад академиас Mock interview авч, ажлын ярилцлагад бэлдэж өгч байсан. Тэгээд дадлага маань эхлээд, яг удалгүй “UXDesign” агентлагт ажилд орсон. Манай компани “Uxdesign” нэртэй UX/UI Design-ний чиглэлээр ажил авч хийдэг, туршлагатай, том төслүүд дээр ажилладаг агентлаг. Энэ ажилд ороход хийсэн төслүүд, portfolio маань гол нөлөө үзүүлсэн байх гэж боддог. Одоо би компанийнхаа үндсэн дизайнеруудын нэг болчихсон, 7 сар ажиллачихсан байна.
Ажилд ороход гэрийнхэн маань маш их баярлаж байсан. Би чинь арван жилийн хүүхэд байхдаа гэрийнхнээсээ байнга мөнгө асуудаг байсан. Одоо тэгсэн биеэ даагаад явж байгаа болохоор гэрийнхэн маань намайг байнга магтдаг. Бас ажлын хажуугаар танил тал, найз нөхдөөс постер болон дизайнтай холбоотой ажлууд зөндөө орж ирдэг. Тэд нарыг хийгээд хоолны мөнгөө болгоод хөөрхөн мөнгө олоод байдаг юм.
Цаашдаа би UX дизайны чиглэлээр ажиллахаас гадна Software engineering талыг ч давхар суралцаж, гаднын төсөл дээр ажилладаг чадварлаг мэргэжилтэн болохыг зорьж байна даа.
Надтай адилхан энэ чиглэлээр суралцахаар зорьж байгаа хүмүүст хандаж хэлэхэд: Хэрвээ чи яг одоо “Би дизайны мэдрэмжгүй, чадах болов уу?” гэж айж байгаа бол битгий санаа зов. Бид чинь өдөр бүр веб, аппликейшн ашиглаж байгаад өөрсдөө ч мэдэхгүй мэдрэмжтэй болчихсон хүмүүс. Эхний алхмаа зүгээр л хий. Дараагийн алхмууд өөрөө аяндаа ирдэг юм шүү."
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


