Намайг Ганболд гэдэг, 21 настай. Би 2024 оны 6 сард Pinecone академийг төгсөөд, Invescore компанид Full Stack хөгжүүлэгчээр ажиллаад 6 сар болж байна.
Би 10-р ангиасаа программ хангамжийн мэргэжлийг интернэтээс судалж байгаад МУИС-д орсон ч хоёрдугаар курстээ сургуулиасаа гарч, илүү практик мэдлэг олж авахын тулд Pinecone академийг сонгосон.
Анх би энэ мэргэжлийг 4 жил л сурах ёстой юм байна гэсэн ойлголт авчихсан болохоор Pinecone-д 8 сар сурна гээд байхаар нь худлаа ч юм болов уу гэж эргэлзээд өдөрлөгүүд дээр ирээд багш нартай олон уулзаж зөвлөгөө аваад суръя гэсэн шийдвэрээ гаргаж байсан даа.
Сурахад эхэндээ жоохон хэцүү байсан. Компьютероо асаах гэсэн чинь процессор байдаггүй, хайгаад олохгүй жоохон сандарч байсан. Их сургуульд бол алгоритмын бодлогууд л боддог байсан болохоор код бичиж сурахад бол эвгүй байсан ч Pinecone-ийн багш нар маань эхнээс нь заагаад, өөрөө бас олон давтаад байхаар сурчихдаг л юм байна лээ.
Өмнөх үзсэн хичээл дараагийн хичээлтэйгээ уялдаа холбоотой байдаг учраас дор дор нь багш нараасаа асуугаад явах нь чухал. Би бол тийм ч их оройн цагаар суудаг байгаагүй ч хичээлийн цагаар хийх юмаа хийчихдэг байсан.
Төгсөөд 7 хоноод ажилд орсон. 7 газар ярилцлага өгч, 4 ажлын санал авсан. Их сургууль төгсөөгүй хүн ажилд авахгүй байх вий дээ гэж хамгийн айж байсан ч тийм юм байдаггүй юм байна лээ. Чаддаг юмаа л сайн харуулчих юм бол ажилд ороход асуудалгүй санагдсан.
Одоо хамт олны маань хувьд нэлээн туршлагатай олон төслийн ард гарчихсан хүмүүс байдаг. Юм асуухад үгүй гэж хэлдэг хүн байхгүй. Анх ажилд ороход сурсан юмандаа сайндаа л орж байсан. Өөр технологи ашигладаг байсан ч гэсэн ерөнхийдөө хоорондоо төстэй байдаг учраас амархан сурчихдаг юм байна лээ.
Анхны цалингаараа аймар хөөрөөд өөртөө хөрөнгө оруулж гэртээ 2 дэлгэц (монитор) авсан даа. Ирээдүйд гадаадын технологийн том компаниудад ажиллаж үзээд яаж код бичиж байна гэдгээс нь суралцахыг хүсдэг.
Эцэст нь хэлэхэд дуртай юм чинь юу байх нь хамаагүй. Хүн зүгээр л дуртай юмаа олчихсон байхад яаж ч ядарсан хичээдэг. 10 жилдээ гавал байсан уу? Олимпиадад орсон байна уу хамаагүй. Дуртай л бол хичээгээд сурч чадна гэж бодож байна.
Recommended Pinebaatars
Description text
Recommended Pinebaatars
Description text


